Филиппин (Филиппинаар Pilipinas), албан ёсоор Бүгд Найрамдах Филиппин Улс нь баруун Номхон далай дахь Филиппиний олтригт орших зүүн өмнөд Азийн орон юм. Нийслэл нь Манила хот, хамгийн том нь Бөөн Манилагийн Кесон хот болно. Филиппиний олтриг нь Номхон Далайн баруун хэсэгт байх 7,641 арлаас бүрдэх бөгөөд усаар Индонез, Малайз, Палау, Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань), Вьетнамтай хиллэнэ. Филиппиний хүн ам 90 сая орчим. Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 46-д ордог. Тухайлбал дотоодын нийт бүтээгдхүүн нь 2008 онд 154.073 тэрбум ам. доллар хүрч байсан. Дэлхий даяар 11 сая гаруй филиппинчүүд тархан суурьшсан нь Филиппинийн нийт хүн амын 11% нь болно.
1521 оны гуравдугаар сарын 16-нд Фердинанд Магелланыг ирэхээс өмнө, Филиппинд Хятад, Энэтхэг, Япон, Малайн ольтриг зэрэг Азийн бусад орны оршин суугчидтай худалдаа наймаа хийдэг байсан австронез угсааны ард түмэн нутагладаг байжээ. Филиппин XVI зуунд Испанийн колони болсон бөгөөд XX зууны эхээр АНУ-ын эрхшээлд оржээ.
1896 онд Катипунанаар удирдуулсан Филиппиний хувьсгалаар Испаниас тусгаар тогтносон. Испани-Америкийн дайны явцад АНУ-ын цэрэг Филиппинийг эзлэн авснаар Филиппин-Америкийн дайн дэгдсэн ажээ. 1935 онд Хамтын Нөхөрлөл маягийн засгийн газар байгуулагдсанаар өөртөө засах эрхтэй болсон ба Филиппинийн анхны сонгууль явагджээ.
Дэлхийн хоёрдугаар дайн Номхон Далайд дууссаны дараа тус улс 1946 оны долдугаар сарын 4-нд АНУ-аас тусгаар тогтножээ. Фердинанд Маркос 1972 онд дайны байдал зарласны улмаас Филиппинд бослого тэмцэл өрнөж, Ардын Шинэ Арми, Моро Үндэсний Чөлөөлөх Фронт зэрэг босогчдын бүлэглэл үүссэн. Ниной Акиноалуурчны гарт амь үрэгдсэнээс хойш удалгүй түүний бэлэвсэн эхнэр Корасон Акино, тухайн үед тус улсын оюуны санааны удирдагч байсан Хайме Кардинал Син нар 1986 онд Ардын эрхийн хувьсгал хийж, тус улсыг эргээд ардчилсан засаглалтай болгосон юм. Ардчилал сэргэн тогтсоноос хойш улс төрийн эргэлт, авилгалын дуулиан шуугиант хэргүүд гарч, төрийн эрх тайван замаар шилжсээр ирсэн билээ.
Орчин үеийн Филиппин Өрнөдийн ертөнцийн олон шинжийг агуулсан байдаг нь Испани, Латин Америк, Америкийн Нэгдсэн Улсын соёлоос голдуу залгамжлагдсан байдаг. Тус улсын зонхилох шашин нь Католик шашин бөгөөд Испаничууд ирэхээс өмнө байсан уламжлалт шашны зан үйл хадгалагдан үлдсэн байдаг. Түүнчлэн Исламын шашныг шүтэгчид байдаг. 1973 он хүртэл испани хэл Филиппинийн албан ёсны хэл байсан. Түүнээс хойш филипино, англи хэмээх хоёр албан ёсны хэлтэй болсон.