Яг одоо энэ өдрүүдэд Эх орны минь Үндэсний баяр наадам тохиож байна. Гэр бүл, найз нөхөд, хамт олондоо Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярын мэнд хүргэе. Миний хувьд энд аль хэдийн Үндэснийхээ баярын уур амьсгалыг оруулчихсан явж байна /хэхэ/. Ногоон торгон дээлээ өмсөөд хичээлээ, ажилаа хийж байгаа. Манай сургуульд надаас гадна 2 Монгол охин сурдаг юм. Бид дээлээ өмсөөд хичээлдээ суусан чинь эхэндээ сургуулийнхан их гайхсан. Бид ч бас эндээ юугаар дутах вэ гээд хуушуураа, салатаа хийж идэх төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдөр бид хүнсээ цуглуулаад, маргааш наадамлана.
Гадаадад байгаа монголчууд эх орныхоо эрхэм сайхныг, үнэ цэнийг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн, итгэл үнэмшлээрээ үгүйлсэн, унасан газар, угаасан усаа гэсэн, монгол хүн болж төрсөн бахархалаа улам сэргээсэн, илүү их эх оронч болдог юм байна. Орчиндоо хурдан дасан зохицох, хэл соёлд түргэн суралцах, ядарч цуцахаа мэдэхгүй махран зүтгэх, цаг наргүй улайран ажиллах талаар Монголчууд үнэхээр ялгардаг, шалгардаг.
Миний хувьд Newtype International Language School-д сурангаа бас ажиллаж байна. Би Англи хэлний мэдлэгээ сайжруулж суралцахаас гадна Япон захиргаатай компанид Япон менежментийг суралцан ажиллаж байна. Заримдаа ядарнаа. Өдөр бүр өглөөнөөс орой хүртэл сурч, ажиллана гэдэг заримдаа хүнд санагддаг. Гэхдээ СУРНА ГЭДЭГ ТҮР ЗУУРЫН ЗОВЛОН. МЭДЛЭГГҮЙ БАЙНА ГЭДЭГ НАСНЫ ЗОВЛОН гэдэг үгийг өдөр бүр өөртөө хэлж хичээдэг.
Манай сургууль Филиппин улсдаа Англи хэлний тэргүүлэгч сургууль. Төлбөрийн хувьд маш хямд. Гэхдээ эзэн нь япон хүн болхоор сургалтын арга барил маш чанга. Newtype International Language School сургууль сар бүр, 7 хоног бүр оюутны нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг. Өнгөрсөн сард зохион байгуулагдсан ''InterCultural event'' олон улсын Үндэсний хувцасны өдөрлөгөөр өөрийн оёсон дээлээ өмсөж оролцсон. Наадмаар өмсөнө гэж тооцоолж авчирсан дээлээрээ ''Best Female Costume'' буюу Шилдэг эмэгтэй хувцас шагнал авсандаа маш их баяртай байгаа хэхэ. Энэ миний хувьд хамгийн анхны олон улсын оюутнуудтай хамт оролцсон арга хэмжээ байсан. Өөрөө оёсон дээлээрээ шагнал авна гэдэг тэр бүр тохиохгүй завшаан байх.
Энд сурч байгаа Монгол оюутнууд маань олон улс орны зүсэн зүйлийн хүмүүсийн дунд монгол нэрээ гаргаж, нэр төр, удам угсаагаа хамгаалж, үндэсний шинж чанар, дүр төрх, хувийн авъяас чадвар, овсгоо самбаагаа харуулж, хаана ч гологдохгүй, хэнээс ч дутахгүй сайн ажиллаж, амьдарч, сурч байна. Биднийг эрдэм номоо сайн сураад, хэлээ сайжруулаад зорьсон зорилгоо биелүүлээд ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа аав ээж, ах эгч, хамт олон, найз нөхөд минь байгаа. Тиймээс бид өдрөөс өдөрт хичээж, зорьсон зорилгоо биелүүлээд очноо.
Монгол түмэн минь УРТ УХААНТАЙ, УУЖУУ ТАЙВАН, ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН САЙХАН НААДААРАЙ. ЭХ НУТГИЙН МААНЬ НААДАМ НАРТАЙ, ХУРТАЙ САЙХАН БОЛОХ БОЛТУГАЙ.
/Төлөөлөгч Г.Лхагвадулам/