Их Британийн консулаас
IELTS-ийн шалгалтыг компьютерээр авах эрхийг Монгол Улсад олгожээ. Ингэснээр Монгол Улс IELTS-ийн шалгалтыг компьютерээр авах эрхтэй 54 дахь орон болж байгаа юм. Энэ талаар Жэт англи хэлний сургуулийг үүсгэн байгуулагч, зөвлөх багш Ц.Чинзоригтой ярилцлаа.
-Жэт Англи хэлний сургууль нь зөвхөн англи хэлний сургалт явуулахаас гадна SAT, Cambridge гээд олон улсын томоохон шалгалтуудыг авах эрхтэй. Мөн энэ сараас Монголд анх удаа IELTS-ийн шалгалтыг компьютерээр хэлбэрээр авч эхлэхээр болжээ. Бритиш консулын шалгуурыг хэрхэн давж, энэ эрхийг авав?
Жэт англи хэлийг 25 жил зааж, олон мянган хүнийг бэлтгэж, төгсгөсөн. Гэтэл Жэтийг төгссөн хүний англи хэлний түвшин олон улсын түвшинд хүрснийг батлах баталгаа хэрэгтэй болж байгаа юм. Мэдээж сургалтын төв болгон л гэрчилгээ, сертификат олгодог. Гэтэл тэр нь хаана хүчинтэй байх вэ гэдэг нь илүү чухал. Тиймээс бид Жэтийн төгсөгчдийн англи хэлний мэдлэгийг олон улсын стандартаар баталгаажуулах шаардлагатай болсон. Тиймд Жэт 2012 онд Кембрижийн их сургуулийн шалгалтууд, 2014 онд Америкийн их сургуулиудад бакалаврт сурах гэж байгаа оюутнуудын англи хэлний түвшинг тогтоох SAT шалгалтыг албан ёсны эрхтэйгээр авч эхэлсэн. SAT шалгалтыг авах эрхтэй цөөхөн байгууллага Монголд бий. Тэдний нэг нь Жэт юм.
Түүнээс гадна сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр IELTS-ийн шалгалт өгөх сонирхолтой хүмүүсийн тоо олширсон. Олон улсад IELTS-ийн шалгалтыг жилд 3,5 сая гаруй хүн өгч байна. Монголд ч ялгаагүй IELTS-ийн шалгалт өгөх сонирхолтой оюутан, залуус маш их болсон. Монголын SAT, Cambridge, TOEFL, IELTS зэрэг олон улсын шалгалт өгч буй оюутнуудын 70 орчим хувь нь IELTS-д бэлтгэж байна. Гэтэл Монголд IELTS-ийн албан ёсны шалгалтыг авах эрхтэй ганц төв байдаг нь ESP. Энэ нь 3 сая ба түүнээс цөөн хүн амтай бүс нутагт ганцхан төвд эрх өгдөг Бритиш консулаас баримталдаг бодлоготой холбоотой.
Жэтийн хувьд IELTS-ийн шалгалтыг авах албан ёсны эрхтэй болохын тулд олон жил хүсэлт тавьж, уулзалт хийсэн. Шалгалтын эрхийг авахад нэлээд өндөр шалгууртай байлаа. Бүс нутгийн байршлаас гадна тухайн боловсролын байгууллагын сургалт олон улсын стандартад нийцсэн үү, өмнө нь өөр бусад олон улсын шалгалт авч байсан туршлагатай эсэхийг гол шалгуураа болгодог.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хүн ам өсч, бүс нутгийн шаардлага хангасан дээрээс нь Жэтийн сургалтын стандарт, туршлага Бритиш консул, Кэмбдридж, Idp-ийн шалгуур, стандартад нийцсэн тул Монголдоо анх удаа IELTS-ийн шалгалтыг авах эрхийг бидэнд олгосон гэж ойлгож байна. Ингэснээр Монгол Улс IELTS-ийн шалгалтыг компьютерээр авах эрхтэй 54 дахь орон болж байгаа юм.
-Монгол Улс IELTS-ийн шалгалтыг компьютерээр авах эрхтэй 54 дахь орон болсон гэлээ. Ер нь тухайн шалгалтыг компьютерээр өгснөөр ямар давуу тал бий болох вэ?
IELTS-ийн шалгалтын эрэлтийг хангахын тулд Бритиш консулаас 2017 оноос эхлэн уг шалгалтыг компьютерээр авдаг болж, улс орнуудад шалгалтын эрхийг нэлээд өндөр шалгуураар олгож эхэлсэн.
IELTS–ийг компьютерээр авч эхэлснээр монгол залуус хүссэн үедээ шалгалт өгч, гадаадад суралцах, цаашлаад тэтгэлэг авах зэрэг олон боломж нь нээгдэх юм. Манайх IELTS-ийн шалгалт авдаг ганцхан төвтэй болохоор суудал дүүрэх зэрэг хүндрэлээс болоод шалгалт өгөх хугацаа хойшлох, зарим тохиолдолд монгол залуус гадаадын орнуудад очиж IELTS өгөх нөхцөл байдал үүсч байсан. Хамгийн түрүүнд энэ хүндрэл багасна.
-IELTS-ийг компьютерээр өгснөөр шалгалтын агуулгад өөрчлөлт гарах уу? Цаасаар болон компьютерээр өгөхийн аль нь илүү хялбар, давуу талтай байх вэ? Шалгалт өгч байгаа хүндээ?
Шалгалтын агуулгын хувьд бол яг адилхан байна. Харин компьютерээр шалгалт өгч байгаа тохиолдолд унших, бичих, сонсох даалгавраа компьютерээр хийгээд ярианы шалгалтаа багшид өгөх юм. Мөн шалгуулагч өөрийнхөө хурууны хээгээр нэвтэрч шалгалтаа өгөх тул илүү найдвартай баталгаатай гэж хэлж болно.
Шалгалтаа компьютерээр өгөх нь маш олон давуу талтай. Жишээ нь бичгийн хэсэг дээр шалгуулагч үгээ тоолох шаардлагагүй компьютерээс автоматаар тоологддог тул цаг хэмнэдэг. Мөн бичгийн хэвээсээ болж шалгалтын оноогоо хасуулах гэх мэт асуудалгүй болох юм. Түүнчлэн шалгалтын хариу нь 5-7 хоногийн дотор гарах гэх мэт олон давуу талтай байгаа.
-Сүүлийн жилүүдэд TOEFL-оос илүү IELTS-ийн шалгалт өгөх хүмүүсийн эрэлт нэмэгдэж байгаа. Одоо үед болон ирээдүйн 10 жилд дэлхий нийтэд хамгийн их эрэлттэй байх шалгалт нь IELTS гэдгийг судалгаагаар тогтоосон байсан. Үүнд юу нөлөөлж байна вэ? IELTS-ийн шалгалтын онцлог нь юу вэ?
1950-иад оны сүүлээр барууны орнуудын сургалтын тогтолцоо дэлхийн стандартыг тодорхойлдог болж түүнийг дагаад гаднын оюутнууд ихээр сурч эхэлсэн. Гэтэл тухайн оюутнуудын англи хэлний түвшин маш сул ирж байсан тул 1960-аад оноос эхлэн англи хэлний түвшин тогтоох шалгалтын систем рүү орж эхэлсэн байдаг. Ингээд Америкийн их дээд сургуулийн оюутнуудын англи хэлний түвшинг тогтоох TOEFL-н шалгалтыг 1964 оноос авч эхэлсэн. Харин IELTS-ийн шалгалтыг Бритиш консул, Кембрижийн их сургууль, Австралийн олон улсын байгууллага болох IDP хамтран 1980-аад оноос авч эхэлсэн байдаг. Шалгалтын агуулгыг Кембрижийн их сургууль боловсруулдаг бол, албан ёсоор зохион байгуулах эрхтэй газар нь Бритиш консул. IELTS нь анх Их британи, Австралид суралцахаар ирж байгаа гаднын оюутнуудын англи хэлний түвшинг тогтоох шалгалт байсан бол өдгөө дэлхийн 140 гаруй орны 9000 гаруй байгууллага, их дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа юм. Түүнчлэн зөвхөн Америкт гэхэд 3000 гаруй байгууллага, их дээд сургууль хүлээн зөвшөөрдөг. Мөн зөвхөн суралцахад биш Канад, Австрали, Англи зэрэг оронд байнгын оршин суух эрх бүхий виз авахын тулд заавал IELTS өгсөн байхыг шаарддаг.
Харин эсрэгээрээ TOEFL-н шалгалт өгөх хүмүүсийн эрэлт нэлээд багасч байгаа. Энэ нь нэгд, TOEFL-н шалгалт бол зөвхөн Америкийн сургалтын технологид зориулсан байдаг. Зөвхөн АНУ-д сурах гэж байгаа хүүхэд л өгөх ёстой шалгалт болохоор өөр бусад оронд сурахад TOEFL өгөх шаардлагагүй болчихож байгаа юм. 1970-1990 оны үед АНУ-д гаднын оюутнууд маш их очиж суралцдаг байсан ч энэ урсгал одоо багасч байгаа. Үүнээс шалтгаалаад TOEFL-оос илүү IELTS-ийг өгч байгаа хүмүүсийн тоо ихсэж байна. Нөгөөтэйгээр TOEFL академик чадвар шаарддаг маш хүнд шалгалт. Гэтэл тэр академик чадвар нь бусад оронд шаардагдахгүй болохоор асуудал болчихож байгаа юм.
Хоёрт, Америкийн сургуулиудын сургалтын төлбөр жил ирэх тусам нэмэгдэж байна. Одоогоос найман жилийн өмнө Монголд долларын ханш 1200 төгрөг байх үед АНУ-д сурахад нэг оюутнаас ойролцоогоор 40 мянган ам.доллар шаарддаг байсан. Харин одоо Монголд ам.доллар 2700 хүрчихээд байна. Ханшийн өсөлт оюутнуудын АНУ-д сурах боломжийг хаагаад эхэлж байна гэсэн үг. Энэ нь оюутнуудын урсгал Австрали, Англи, Европ руу чиглэж буйн бас нэг шалтгаан. Гэтэл тухайн орнуудад суралцахад IELTS-ийн шалгалтыг гол шалгуураа болгож байна шүү дээ.
-TOEFL болон IELTS-ийн шалгалт агуулгын хувьд ямар ялгаатай вэ. TOEFL-ийн шалгалт өгөхөд нэлээд хэцүү, харин IELTS-ийг амархан гэсэн ойлголт байдаг шүү дээ. Энэ тухайд?
-TOEFL нь англи хэлнээс гадна академик чадварыг шалгаад байгаа юм. Уншлага гэхэд л тоймлох, багцлах, детальчлах гэхчлэн найман төрлийн уншлагын аргыг заадаг байх жишээтэй. Харин IELTS-ийн хувьд зөвхөн англи хэлний хэрэглээг нь шалгадаг. Дүрэм болон үгсийн сангийн мэдлэгээ ашиглаад хэрхэн ярьж, бичиж чадаж байна гэдгийг л IELTS-аар шалгадаг. IELTS тийм ч амар шалгалт биш. Багадаа зургаа сар ба түүнээс дээш хугацаагаар тууштай бэлдсэн хүн ард нь гарна. IELTS-ийн шалгалтын системд зориулж өөрийгөө бэлдэхээс гадна англи сэтгэлгээг суралцах шаардлагатай байдаг. Англи сэтгэлгээг ойлгоогүй хүүхэд IELTS-ийг өгөхөд маш хэцүү.
Хамгийн наад зах нь шалгалтын даалгаварт өгөгдсөн эхийн форматыг ойлгож чаддаг байх ёстой. Тухайн текстээр ямар санааг хэлэхийг хүссэн бэ, шүүмжлэлт өнгө аясаар бичсэн үү, эсвэл бахархаад бичсэн байна уу гэх зэргээр ухаж ойлгож чадаж байгаа хүн шалгалтыг торох зүйлгүй сайн өгч чадна. Монголчууд бол аливааг бичихдээ гол санаагаа дүгнэлт маягаар хамгийн сүүлд гаргадаг. Харин Англичууд эсрэгээрээ шүү дээ. Эхлээд гол санаагаа гаргаад түүнийгээ батлаад явдаг. Энэ соёл, сэтгэлгээний ялгааг ойлгосон байх шаардлагатай.
-Бид сүүлийн 10 гаруй жилийн турш гадаадад сурах хүсэл зорилготой оюутнуудад зориулж IELTS, TOEFL гэх зэрэг олон улсын шалгалтад бэлтгэх сургалт явуулж байна. Дэлхий нийтээр баримталж буй англи хэлний гурван заах арга бий.
Нэгд, Орос, Зүүн Европын заах аргын систем байна. Англи хэлийг модоор төлөөлүүлэх юм бол тухайн модны гол үндсийг дүрэм гэж үзээд, сонсох, унших, бичих, ярих гэсэн мөчрүүдэд хувааж авч үзнэ. Ерөнхийдөө дүрмэнд суурилсан заах арга зүй. Харин Америк бол модныхоо голыг ярианы чадвар гэж үзээд яриан дээр тулгуурлан дүрэм, үгсийн сан гэхчлэн бусад зүйлсийг заадаг. Гэтэл Англи бол модоо яг голоор нь хоёр хэсэг дүрэмд хуваадаг. Нэг хэсэг дүрмээ дагуулаад эссэ, уншлага зэргийг зааж, нөгөө хэсэг дүрмээ дагуулаад сонсох, ярианы чадварыг заадаг. Жэтийн хувьд Английн энэ систем, стандартыг заах арга барилдаа ашигладаг. Түүнээс хэн нэгэн хэрэглэгчийн хүсэлтээр сургалтаа явуулдаггүй. Жэт Английн системээр академик англи хэлийг зааж ирсэн. Энэ бол бидний сургалтын арга барил.
Бид оюутнуудаа IELTS, TOEFL-ийн шалгалтад бэлдэхээс гадна өөрийгөө хянах, өөртөө итгэлтэй байх зэргээр сэтгэлзүйг нь давхар бэлддэг. Шалгалтдаа үнэхээр сайн бэлдсэн ч сэтгэлзүйн бэлтгэл дутмагаас үүдэн алдаа гаргах магадлалтай байдаг. Тиймд бид оюутнуудаа албан ёсны шалгалтаа өгөхөөс нь өмнө МОК тест авдаг байгаа. Энэ тест нь албан ёсны шалгалтаас илүү хүндрүүлсэн нөхцөлөөр авдаг. Үүний үр дүнд манай оюутнууд албан ёсны шалгалтаа амжилттай өгч чаддаг төдийгүй төгсөлтийн шалгалтын оноогоо тогтмол 0.5-1.0 оноогоор ахиулж чаддаг.
-TOEFL-ийн шалгалтын бүтцэд өөрчлөлт орсон гэж дуулсан. Энэ талаар албан ёсны мэдээлэл өгөхгүй юү?
-TOEFL-ийн шалгалтад хоёр төрлийн өөрчлөлт орсон. Эхнийх нь, шалгалтын хугацааг багасгасан. Өмнө нь 3 цаг 50 минутад даалгаврыг гүйцэтгэдэг байсан бол 3 цаг болж багасгасан. Нөгөөх нь, шалгалтын зарим даалгаврыг хассан. Тухайлбал, TOEFL-ийн уншлага болон сонсголын даалгавар 40 асуулттай байсныг 30 болгож багасгасан. TOEFL-ийн ярианы даалгавар чөлөөт ярилцлага болон уншаад, сонсоод, ярих гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Шинэ өөрчлөлтөөр уншаад, сонсоод ярих хэсгийг нэг даалгавартай болгож багасгасан байна лээ. Өмнө нь гурван даалгавартай байсан юм. Харин эссэ буюу бичгийн даалгаварт өөрчлөлт оруулаагүй.
-Ярилцсанд баярлалаа.