МАСС АКАДЕМИ МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

ХҮНИЙ НӨӨЦИЙН САЛБАРЫН “МЯНГАН” ЗАЛУУСЫН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛНЭ

“Масс академи” болон Монголын хүний нөөцийн институт хамтын ажиллагаагаа эхлүүлж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Талуудын хамтын ажиллагаа эхлүүлэх хамгийн том зорилго нь хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүдийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлж, чадавхижуулахад чиглэгдэж байгаа юм. Цар тахлын улмаас гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон энэ үед “Масс академи” болон Монголын хүний нөөцийн институт хамтран эхний ээлжинд хүний нөөцийн чиглэлээр суралцаж байгаа мянган залуусын хэлний мэдлэгийг дээшлүүлэх онлайн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Хоёр байгууллагын хамтын ажиллагаа хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүдийг илүү чадавхижуулахад чиглэгдэж байгаа бөгөөд цаашид  энэ чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүд ч хэрэгжихээр төлөвлөгдсөн гэдгийг талууд онцолж байна. 

“МАСС АКАДЕМИ”-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Я.ЭРДЭНЭЧИМЭГ: 

“Масс академи” нь дэлхийн 20 гаруй орны Их, Дээд сургууль болон хүний нөөцийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид маш олон оюутан, залуусыг Филиппин Улсын англи хэлний сургалтад амжилттай хамруулсан. Тэгвэл энэ төсөл хөтөлбөрт маань Монголын хүний нөөцийн институт хамтарч ажиллахаар болсонд туйлын таатай байна. Мэдээж хүний нөөцийн салбар өөрөө маш том бие даасан шинжлэх ухаан байдаг. Тиймээс энэ салбарын ажилтан, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа бага ч болов хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

"Масс академи" "Монголын хүний нөөцийн институт" хүний нөөцийн салбар дээр илүү чиглэж хамтарч ажиллахаар онлайн сургалтыг зохион байгуулна.

Өнөөдөр дэлхий дахинд тархсан коронавирусийн улмаас бидний гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа түр зогсонги байдалтай байгаа энэ үед бид заавал “face to face” гэж үйл ажиллагаа явуулах албагүй. Бид нар мэдээллийн зуун, Технологийн эринд амьдарч байна. Интернетээр, онлайнаар бүх ажлыг хийх боломж байгаа учраас манай хоёр байгууллага яг хүний нөөцийн салбар дээр илүү чиглэж хамтарч ажиллая гэж үзээд онлайн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.  Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжин үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

“МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ”-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д.БАРТАНБААТАР:

“Масс академи” болон Монголын хүний нөөцийн институт хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Маш их бахархууштай, маш том ажлын эхлэл тавигдлаа гэж бид нар үзэж байна. Яагаад гэвэл хүний нөөцийн менежмент гэдэг бол улс орны хөгжлийн суурь байдаг. Байгууллагын хөгжлийн үндсэн суурь байдаг. Хөгжил гэдэг зүйл өөрөө олон улсын туршлага, олон улсын практик, мэдлэг чадвар дээр тулгуурладаг. Тэгэхээр энэ мэдлэг, чадвар гэдэг зүйлийг олоход байгууллага болон улс оронд хамгийн хэрэгтэй зүйл бол хэл байдаг. Тэгэхээр өнөөдрийн бидний хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байгаа “Масс академи” бол Филиппин Улсын хэлний маш олон сургуулиудтай хамтарч ажиллахаас гадна олон улсын харилцаа маш өндөртэй байгууллага. Тэгвэл нэгэнт гадаад харилцаагаа маш өндөр түвшинд хөгжүүлсэн академитай Монголын хүний нөөцийн институт хамтарч ажиллана гэдэг бол үйл ажиллагаагаа улам хүчирхэг болгож байна гэсэн үг.

“Масс академи” бол Филиппин Улсын хэлний маш олон сургуулиудтай хамтарч ажиллахаас гадна олон улсын харилцаа маш өндөртэй байгууллага

Нөгөө талаасаа “Масс академи”-ийн хүсэж, тэмүүлж, зорьж байгаа залуусыг хэл устай болгох, мэдлэг боловсролтой болгох үйл ажиллагаанд хүний нөөцийн салбар тэр тусмаа Монголын хүний нөөцийн институтийн зорилго, хүсэл тэмүүлэл нэг байгаа учраас хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсандаа бид туйлын баяртай байгаа. Маш том амжилтыг, ирээдүйг бид нар төсөөлж байгаа.